Tuesday, May 29, 2012

Төсөөлөлд минь чи бид хоёр

Төсөөлөлд минь чи бид хоёр
Тэнгэрийн заадасруу хамтдаа ниссэн.
Тэндээс эндхийн амьдралыг ажин удаан суусан.
Төсөөлөлд минь чи бид хоёр
Ертөнцийн хязгаарт цугтаа хүрсэн.
Ерийн болоод ер биш амьдралыг амтлан удаан амьдарсаан.

Monday, April 16, 2012

Өнөө өглөө

Ертөнцийн цөм гэж өөрийгөө ойлгоод
Ерөөл бүхний дунд сэлж явсан
Ажиггүй хэнэггүй бас гайхширсан, эргэлзсэн
Илүү дутуу чимэггүй, энд тэндээ хуяггүй
Хуял тачаал, хүсэл шуналын үнэргүй
Цээжнээсээ гэрэлтсээр
Нүднээсээ халиаж,
Орчлонг тэр чигээр нь гэрэлтүүлж
Инээмсгэлсэн, итгэсэн, бас л инээмсгэлсэн
Тэр хүүг
Өнөө өглөө нэхэн санав.

Friday, March 30, 2012

Чимээ

Хотын дарга буудлын цонхоор
Хоосон дарсны лонх шидчихэв.
Хав харанхуйд тэнүүчилж явсан
Хав хар муурыг ончихсонд
Хачин зовиурт чимээ хадав.

Sunday, March 11, 2012

Удахгүй бороо орно

Удахгүй бороо орно.
Урд зам ус болно.
Уртаас урт түгжрэл үүснэ.
Улаан, ногоон, шар гэрэл газарт тунарна.
Урсчихсан усан будаг шиг болно.
Урт хөл, нойтон үс, цангинасан инээд
Улаанбаатрыг улам залуу болгоно.

Saturday, March 10, 2012

Азарган бороог чамласан юм шиг


Азарган бороог чамласан юм шиг
Нулмисандаа бас урсчихаад ирэхэд чинь
Хүйтэн харцаар давхар хайрсан би,
Зүүдэнд чинь харин
Халуун цай, хуурай алчууртай угтаж
Зүрхийг чинь хүртэл дулаацуулсан би.

Wednesday, February 29, 2012

Шидэт ягаан өнгө


Алгаа наранд үзүүлж араас нь ажвал
Хурууны салаа, хумсны завсраас
Хурмастын өнгө улбартан цацарч
Хүн болж хаанаас ирснээ
Хожим хаа очихоо
 Харчих шиг...

Үүрдийн хоосонд оршигч үхэшгүй мөнх тэрээр
Шидэт дулаан шившлэг шивнэж
Аянга цахилгаан мэт тэсрэлт
Алаг зүрхэнд амилуулж
Элсэн цагийг 
Эхийн минь хэвлийд эргүүлж
Үхлийн зөнгөөр сүлсэн тэртээх өдөр
Үр хөврөл байхдаа би ийм өнгөтөй байсан.

Monday, February 6, 2012

сэтгэлрүү шагайгч Түүнд

Энэ бичлэг тийм мундаг шүүмж энээ тэрээ бишээ. Би угаасаа тийм юм бичиж чадах ч үгүй.  Г.Аюурзанын шүлгүүдээс цөөхөн хэдийг түүж бичээд доор нь сэтэгэгдэл маягийн юм л бичсэн төдий. Ер нь анхнаасаа шүлэг "тайлбарлах" нь утгагүй байх. Нэгэнт төгс хэлбэрээ олчихсон зүйлийг жонхууруулж хүрээг нь явцууруулж өөрийнхөө төсөөллийн хэмжээнд хязгаарлах гээд байж магадгүй. Өөртөө зориулж зүгээр л нэг ийм тэмдэглэл үлдээмээр санагдаад бас Аюурзаныг мэддэггүй, эсвэл уншаад "ойлгодоггүй" гээд байдаг хүмүүсийн бодлыг өөрчилж хорхойг нь хөдөлгөж магадгүй гэж горьдлоо.

Sunday, February 5, 2012

Тэмдэглэлээ уншсан тухай тэмдэглэл


Тэмдэглэлийн дэвтрээ нуур мэт дэлгээд
Тэр дунд нь би завьчин мэт аялав.
Шүлгийн мөрөөр аргамжсан
Дурсамж минь
Эмх цэгцгүй, энд тэндгүй...
Аялагч би амтархан, сониучирхан,
Зүүд мэт бодьтой бас бодьгүй
Төсөөллийн тэр л ертөнцдөө
Зургаан мэдрэхүйгээ шургуулж
Тайвуу уужуу аялах ахул:

Saturday, December 31, 2011

Архидсан тухай тэмдэглэл

1.
Сэтгэл шигээ хоосортол нь
Жүнзтэй архийг хөнтөрч орхиод
Cудасныхаа лугшилтыг галаар өрдлөө.
Хаа нэгтээгээс хачин дулаан төөнөж
Эд эс бүхэн минь хөнгөрөх шиг, хөвөх шиг...

Saturday, November 26, 2011

Биднээс нэг нь бурхан байдаг

Энэ тоглолт энгийн, үнэн байх ёстой. Тайз засалт, гэрэлтүүлэг, дуугаралт бүгд хоорондоо нэгдэн нэг цогц болох ёстой. Аль нь ч бусдаасаа тодрох бус, харин бүгд нэг үзэл санаанд төвлөрч байх ёстой.