Эх дэлхийгээ би
Их алсаас ажлаа.
Дэлхий цэнхэртэж үзэгдсэнгүй
Одод гялтганаж үзэгдсэнгүй.
Тэнд,
Тийм хүйтэн, тийм харанхуй, тийм хязгааргүй.
Хязгааргүйн тэг дунд би амьдарч байна.
Урьд насаа би
Ургуулан бодож үзлээ.
Оргүй хоосон ч үзэгдсэнгүй.
Тэнд,
Тэгэхээр "тэнд" гэж байхгүй байх.
Хязгааргүйн дундаас би урган гарсан байх.
Үхлийн дараа хаачихаа
Үргэлж дандаа төсөөлж явна.
Хөх далайн хүйтэн ёроолруу шидсэн
Лонхтой захидал шиг
Миний гэх бүхэн.
Хязгааргүйрүү би цаг мөч бүр тэмүүлж байна.
Хязгааргүйн тэг дунд би амьдарч байна.