Tuesday, May 5, 2015

Хүсэл

Бие сэтгэлээрээ би бэлэг эрхтэн шиг хөвчрөхийг хүснэм
Бурхнаас надад хайрласан булай бүхнийг дэлгэхийг хүснэм
Араатан шиг авирлаж амьтанлаг бүхнээ нээхийг хүснэм
Арааныхаа шүлсэнд халуурч авир бүхнээ мэдрэхийг хүснэм
Хөвгүүдийн зүрх чичиртэл, охидын сэтгэл халууцтал
Хэлэх үгээ хэлж, хэлсэн зүйлээ хийхийг хүснэм
Уралцаж, ноцолдож, цусны үнэр, махны шархаар
Уур бүхнээ дэгдээж улам илүү хилэгнэхийг хүснэм
Уушийн газраас будмал хүүхэн сугадаж гараад
Уруулын будаг, урт сайхан хөл амтлахыг хүснэм

Sunday, April 26, 2015

Өчигдрийн тухай шүлэг

Өнгөрсөн цаг хугацаа биднийг юунд хараал мэт ховсдоно вэ
Тэнгэр өөд тэмүүлэе гэвч биднийг юунд чөдөр мэт тушина вэ
Зүүд мэт бүдэгхэн совин - өчигдрийн өчигдрийн өчигдөр...
Өчигдрүүд хөвөрсөөр хаа хүрч, юунд тулах вэ

Time is a flat circle...

Уйлж суугаа бидний сүнсийг юунд бороо мэт ганцаардуулна вэ
Дурсамжаа шатаагаад цааш алхая гэвч юунд дурлал мэт аргамжина вэ
Шөнө мэт түнэр харанхуй - өчигдрийн өчигдрийн өчигдөр
Маргаашууд хөвөрсөөр магад тэнд тулах уу

Once again, time is flat circle...






Sunday, October 19, 2014

Арслан

Үхэж буй арслан шархныхаа халуунд
Үл ялиг шаналангүй, үл мэдэг уцаарлангүй,
Гэвч үл хорсоно, үл гомдоно.
Үрийнхээ үхэлд ижий эрслэн
Үл ялиг нойрмог, үл мэдэг сонор.
Гэвч үл тэвдэнэ, үл тэмцэнэ.

2014-04-07

Намар 2014

Цуурай шиг намар
Цээж нэвт салхилах цагаар
Хон хэрээ улиасны нүцгэн мөчир тэгнээд
Дуг нойрондоо дугжрах гэж байна.

Намар 2013

Бүсгүй, бүрх малгай, галт тэрэг...
Өнгөрсөн цаг хугацааны сүүдэрт
дагжин чичирчнэм.
Намар - хагацах мөч;

Бүтэн сайн, байхуу цай, бодрол...
Өөрийнхөө гүнд шургалан атирч
дараа хаврыг хүлээнэм.
Намар - гансрах мөч;

Friday, October 26, 2012

Намар


9р сар бол уруул мялаах улаан дарс
Дарсанд халамцсан бардам зураач
Хацранд нь наалдсан тосон будаг
Хатсан будаг ховхорч унах тэр эгшин.

Sunday, October 7, 2012

Энэ намар би

Энэ намар би,
Намрын тухай бичихгүй.
Моддын нулмис тосохгүй
Бороон чимээнд дагжихгүй
Тогоруун цувааг дагахгүй ээ.

Thursday, September 6, 2012

Буурай ээж минь хаана байгаа бол?

Бүлээрэхэд минь өвөртлөөд унтдаг байсан
Буурай ижиигээ
Үхлийн тэвнээр сүлбүүлэн хэвтэхэд нь
Үнэндээ би юу ч хийж чадаагүй.

Wednesday, June 20, 2012

Мөрөөдөл гэдэг

Мөрөөдөл гэдэг
Мөнх хөх тэнгэр
Түүнд хүрэх тэмүүлэл
Өдөр бүрийн бясалгал
Өглөө сэрээд санах
Орой унтахдаа залбирах
Түнэр хөх тэнгэр
Тэнд гялалзах очир од.

Tuesday, May 29, 2012

Нэг амьсгаагаар - 1

***
Сиймгэр цагаан хөшгөн чанадаас,
Сарны хөлчүү туяа чимээгүйхэн гэтсээр
Сэм хөлөргөн биеийг чинь
Сувдан дуслаар гэрэлтүүлсэн.
Хүслийнхээ чивэлт цуурайг би
Хүүхэн хонгор биений чинь
Хүршгүй алсад хадаасан.