Thursday, August 25, 2011

Туулын урсгал шөнөдөө сайхаан гэж

Сэрэхүйгээ,
Бас мэдрэхүйгээ чагнаж суувал
Согтохын балайд автахгүй учир
Өвс нойтогнохыг, бие жихүүцэхийг
Орчлонгын зүүрмэглэл гэж бодох,
Гол урсахыг, урсгал таширлан сар бүжихийг
Зүүрмэглэл дундах үнэгчлэл гэж санах.

Сэрэхүйгээ,
Бас мэдрэхүйгээ чагнаж суувал
Үгийн уянд уйлахгүй учир
Асаасан түүдгийн минь оч үсрэхдээ
Тэнгэрт од болон гялалзлаа гэж,
Түүдгээс үсэрсэн од төдхөн буцаж харвахдаа
Цог болон уналаа гэж
Хичээнгүйлэн хийсвэрлэх.

Сэрэхүйгээ,
Бас мэдрэхүйгээ чагнаж суувал
Дууны эгшгинд дэрвэхгүй учир
Энэ бүх хүртэхүйгээ
Нэгэн учгинд зангидаж,
Бурхан бус,
Билиг оюун минь л
Энэ дэлхийг яруусгадгыг
Бясалган баясах.