Friday, October 7, 2011

Тийрэлтэт онгоц тэнгэрт

1.
Тийрэлтэт онгоц
Тэнгэрт үүл зураад одлоо.
Энэ онгоц
Хичнээн хүний хагацлын нулмис
Хичнээн хүний учралын баярыг
Нэгэн биед нэвт шингээж нисээ бол доо?
2.
Үрчгэр моддын навчис
Миний алхах цардмал замыг хучина.
Миний алхах цардмал зам
Үрчгэр моддын үндсийг хучина.
Энэ модод,
Хичнээн намар хагацлын гунигт бүүвэйлэгдэж
Хичнээн хавар учралын дуунаар сэрж
Хичнээн намар, хавар
Зовлон жаргалын тээрэм болон эргээ бол доо?
3.
Гудмаар зөрөлдөх хүмүүсийн царай
Цээжинд бодол зураад одлоо.
Алхаад барамгүй орон зай
Наслаад гэтлэмгүй цаг хугацааны
Энэ өчүүхэн зай завсарт
Хувь заягаар шүргэлцээд өнгөрөнө гэдэг...
Энэ хүмүүс
Урьд хаа нэгтээ ингээд л зөрсөн болов уу?
Хожим хаа нэгтээ ингээд л зөрөх болов уу?
4.
Элдвийг бодоод л алхвал
Юм бүхэн соньхон.

5 comments:

  1. нээрээ л гэнэт сонин бодлууд орж ирдгийн шүү алхахаар..тэнгэр газрыг ширтэнэ, хааяа хажуугаар өнгөрөх хүмүүсийг ажиглана..таалагдлаа.

    ReplyDelete
  2. Харин тэхх. Юм гэдэг сонин шүү этр хэхэ

    ReplyDelete
  3. алхах ч сайхан шүү

    ReplyDelete