Sunday, February 5, 2012

Тэмдэглэлээ уншсан тухай тэмдэглэл


Тэмдэглэлийн дэвтрээ нуур мэт дэлгээд
Тэр дунд нь би завьчин мэт аялав.
Шүлгийн мөрөөр аргамжсан
Дурсамж минь
Эмх цэгцгүй, энд тэндгүй...
Аялагч би амтархан, сониучирхан,
Зүүд мэт бодьтой бас бодьгүй
Төсөөллийн тэр л ертөнцдөө
Зургаан мэдрэхүйгээ шургуулж
Тайвуу уужуу аялах ахул:


1.
Ойн цоорхойгоор тусах улбар туяа,
Цаг хугацаа зогсчихоогүй шүү гэж
Чихэнд минь шивнэх голын чимээ.
Амар амгалан, гоо үзэсгэлэнгийн дунд би
Нүдээ аниад л...
Ай, яасан жаргалтай!
(Жаргаж л байвал заавал хамтатгах
Бяцхан хөндүүр, баяр дагасан гуниг...)
Тэр өдрийг би тодхон саналаа, саяхансан!
Цуурай мэт бүдгэрэн байсан нь юуных вэ?

2.
Ойг орхин цаашилбал
Нил ягаан тэнгэр!
Олон бяцхан байшин.
Ганцаардал нэвт ханхалсан
Гандаж хуучирсан тосгон!
Парисын гудмаас эхлээд
Энд ирж төгсдөг
Тэнүүлч блюз аялгуу...

Гэвч,
Эндхийн эзэн нь би биш ээ.
Би бол:
Хорвоо хачин ойлгомжгүй болж
Эрлийн үзүүр ээдрэхэд,
Хариултаа эндээс л хайдаг
Жирийн нэг жуулчин,
Энэ бол:

Гансарч гансарч
Ганцаардалдаа живж
Есөн давхраас үсэрчихээд
Үхэж явтал
Далнаас минь далавч ургуулж
Намайг жигүүртэн болгосон
Аюурын шүлгүүд...

3.
Тосгоныг орхин цаашилбал...
Энэ л хэсгийг тайлбарлаж чадахгүй
Бас зүрхлэхгүй.
Хэнд ч үзүүлэхгүй гээд
Хав дарчихсан хэдэн мөрүүд минь
Сайн дарс шиг цагийн улираанд улам яруусч,
Одоохон задлаад хэн нэгэнтэй
Согтотлоо уумаар байвч...
Энэ л хэсгийг тайлбарлаж чадахгүй нь
Бас зүрхлэхгүй нь...


6 comments:

  1. Дарсаа ганцаараа уучих

    ReplyDelete
  2. Ганцаараа л уухаас, уул нь олон хэн нэгэнтэй хувааж уувал гоё л байх тэ

    ReplyDelete
  3. тэд нар амтыг нь чам шиг мэдрэхгүй байхаа..

    ReplyDelete
  4. Гоё шүлэг байна. Нээрээ Дашбалбар агсны нэрэмжит тэмцээн болох гэж байгаа гэсэн. Зөвхөн өөртөө л зориулж бичдэггүй бол тэрэнд ороод үзээч. Олон хүмүүс дарсыг чинь ууна байхдаа :P

    ReplyDelete