Monday, November 21, 2011

Магад бурхан

Магад бурхан,
Үсний минь ширхэг бүрийг
Цусны минь бөөм бүрийг
Алдалгүй ялгаж чадах
Төрөх үхэхийн минь завсарт буй
Үйлийн минь үр бүхнийг
Алдалгүй гүйцээж чадах
Магад үсний ширхэг, цусны бөөмөөр ч
Магад төрөх үхэхийн өчүүхэн завсраар ч
Үл хязгаарлам,
Хязгааргүй бүхний хязгаар.

Магад бурхан,
Үл оршино хэмээвч
Оршсоор л байх
Далдын далд мэдрэмжинд минь
Гүн шигдсэн
Тийм нэг ариухан...

Магад бурхан,
Орчлонг оргүй хоосон хэмээвч
Үзсэн бүхнийг минь
Санамсаргүй тохиолдол,
          Цаг хугацааны урсгал
                 Өөрөө бүрэлдсэн тогтолцоо ...
Үүний цаана нууц үгүй хэмээвч
Тэр энгийн, ил тод бүхэн нь
Магад бурхан

2 comments:

  1. Иймэрхүү шүлгэнд маань дуртай байдаг диваажиндаа зориуляа :)

    ReplyDelete
  2. Энэ бүгдийг үгээр илэрхийлээд гаргаад ирдэг чи бас мэдрэмжтэй шүү. Сайхан шүлэг байна.

    ReplyDelete