Энэ тоглолт энгийн, үнэн байх ёстой. Тайз засалт, гэрэлтүүлэг, дуугаралт бүгд хоорондоо нэгдэн нэг цогц болох ёстой. Аль нь ч бусдаасаа тодрох бус, харин бүгд нэг үзэл санаанд төвлөрч байх ёстой.
Тоглолт эхлэхдээ тэсэрч дэлбэрч, хүмүүсийг шүгэлдүүлж орилуулж эхлэхгүй. Морин хуурын чуулга бүгд цав цагаан тансаг өмсгөлтөй сууж байна. Ямар нэгэн underground маягийн мөртөө Монгол үнэртэй гүнзгий морин хуурын аялгуу, арын дэлгэцэнд өвөл шуурга сөрөөд явж буй жингийн цувааны гайхамшигтай зураглалтай хослоно. Морин хуурын чуулгын голд Дуучин Болд нэг гараа эгц өөд өргөн цагаан дээлтэй зогсож байна. Гараа өргөсөн учиг нь тэр тэнгэрийн зарлигийг хүлээн авсан бөгөөд тэнгэр бурхантай өөрийнхөө ямар нэгэн бурханлиг сувгаар холбогдож буй мэт.
Энэ бол Монгол поп юм. Энэ бол түүний өдийг хүртэлх харь орны дэвшингүй хөгжмийн урсгалыг Монголд нэвтрүүлэх цуцашгүй хүсэл мөрөөдлийнх нь үргэлжлэл юм. Энэ бол түүний өвөг дээдсийн ур ухаанаас, элсний нүүдэл мэт он цагийн урсгалд шигшигдсэн ардын урлагийн үргэлжлэл юм. Энэ бол цоо шинэ нээлт юм.
Би хувьдаа түүний бахархам байдалд огшиж, байж ядахдаа уйлчихсан. Болд төгс төгөлдөр байдалд итгэдэг. Тэр энэ тоглолтоороо төгс төгөлдөрлүү хамгийн ихээр ойртсон болов уу. Түүний туулсан амьдрал, хийсэн бүтээсэн бүхэн нь ямар нэгэн үнэнг, ямар нэгэн төгс төгөлдөр байдлыг эрэлхийлсээр байгааг тоглолтын төгсгөлд өөрийнх нь унагасан нулмис гэрчилсэн болов уу.
Хулхи, баахан хулхи юмнууд дунд цухалдаж ядаад байсан намайг маш ихээр цэнэглэлээ. Миний амьдарч байгаа цаг хугацаанд, миний Монгол нутагт хэн нэгэн нь үнэний төлөө, тэр төгс төгөлдрийн төлөө бүх хүчээрээ зүтгэж байгааг мэдрэх ямар гайхалтай юм бэ.
Хэн нэгэн маань бурхан байдаг тухай Л.Өлзийтөгс нэг ярилцлагандаа хэлнийг би саяхан уншсан. Үнэхээр л хэн нэгэн маань бурхан байдаг юм байна.
Илүү олон зургийг эндээс үзээрэй |
Магад бурхан,
Түүний далдын далд мэдрэмжинд
Гүн шигдсэн
Тийм нэг ариухан...
No comments:
Post a Comment