Friday, March 30, 2012

Чимээ

Хотын дарга буудлын цонхоор
Хоосон дарсны лонх шидчихэв.
Хав харанхуйд тэнүүчилж явсан
Хав хар муурыг ончихсонд
Хачин зовиурт чимээ хадав.

Яc хавталзам ярдаг чимээг
Ядруу муужгайнууд нь сонссонгүй
Хотын дарга ч тоосонгүй
Хачирхалтай нь,
Хажууд нь тааз ширтэн хэвтээ
Хүслийг хангагч бүсгүйн хөх нь гэнэт чинэжээ.
Хамгийн дээд давхрын тагтнаас
Хорвоогын төгсгөлрүү эгц ширтэн зогссон
Халамцуу хархүү л харин ганцаар сонсчээ.

Ув улаан өнгөтөй цэв хүйтэн тэр чимээ
Унтарч бөхсөн дотрыг нь сэрээчихэв,
Урагдаж ханзарсан цээжнээс нь
Уй гуниг, урт цагаан бодлуудыг нь үргээчихэв.
Худал хуурмагийн том хар шувууд
Хаа саагүй нисэлдсээр байсныг сая л анзаарав.
Хүйтэн нойтон - хүний мөсийг ойлгов.
"Хүний мөс" гэж амандаа аярхан шивнээд
Хүйтнээр инээмсгэлэв.
Хачин ихээр тайвшрав.
Амьдрал гэдэг үхлээс ч хямдханыг мэдмэгцээ
Ахиад амьдрахаар шийджээ.

3 comments:

  1. Юунаас vvдэлтэй зохиогдсон юм бол? (xэрэгт дуртай хvний бодол)

    ReplyDelete
  2. Зүгээр л энэ дууг сонсож байгаад биччихсиймаа. Бас нэг явдлаас амьдрал шударга биш гэдгийг тултлаа ойлгоод аймаар тайвширсан, яагаад ч юм хэхэ

    ReplyDelete