Saturday, December 31, 2011

Архидсан тухай тэмдэглэл

1.
Сэтгэл шигээ хоосортол нь
Жүнзтэй архийг хөнтөрч орхиод
Cудасныхаа лугшилтыг галаар өрдлөө.
Хаа нэгтээгээс хачин дулаан төөнөж
Эд эс бүхэн минь хөнгөрөх шиг, хөвөх шиг...

Saturday, November 26, 2011

Биднээс нэг нь бурхан байдаг

Энэ тоглолт энгийн, үнэн байх ёстой. Тайз засалт, гэрэлтүүлэг, дуугаралт бүгд хоорондоо нэгдэн нэг цогц болох ёстой. Аль нь ч бусдаасаа тодрох бус, харин бүгд нэг үзэл санаанд төвлөрч байх ёстой. 

Monday, November 21, 2011

Магад бурхан

Магад бурхан,
Үсний минь ширхэг бүрийг
Цусны минь бөөм бүрийг
Алдалгүй ялгаж чадах
Төрөх үхэхийн минь завсарт буй
Үйлийн минь үр бүхнийг
Алдалгүй гүйцээж чадах
Магад үсний ширхэг, цусны бөөмөөр ч
Магад төрөх үхэхийн өчүүхэн завсраар ч
Үл хязгаарлам,
Хязгааргүй бүхний хязгаар.

Wednesday, November 16, 2011

Гудамжны гэрлээс будрах

Гудамжны гэрлээс будрах цасыг ажин зогсохдоо
Гуниг гутралаа хүйтэн жихүүнээр арилжаад
Цаг хугацаа, хорвоо дэлхийтэй цуг амсхийлээ.

Wednesday, November 2, 2011

Харцыг тань нөмрөлгүй

Харцыг тань нөмрөлгүй
Хавар, зун, намрыг үдлээ.

Friday, October 7, 2011

Тийрэлтэт онгоц тэнгэрт

1.
Тийрэлтэт онгоц
Тэнгэрт үүл зураад одлоо.
Энэ онгоц
Хичнээн хүний хагацлын нулмис
Хичнээн хүний учралын баярыг
Нэгэн биед нэвт шингээж нисээ бол доо?

Friday, September 30, 2011

Алхаад л байхсан

Алхаад л байхсан
Зэрэглээ гэдгийг нь мэдэж байвч

Friday, September 23, 2011

Үнэргүй үнэр үнэрлэх үү? эсвэл

Үнэргүй үнэр үнэрлэх үү? эсвэл
Амтгүй амт амтлах уу? эсвэл
Өнгөгүй өнгө үзэх үү? эсвэл
Хөггүй эгшиг сонсох уу? эсвэл
Оргүй хоосныг тэмтрэх үү?

Thursday, September 22, 2011

Муур

Харуй гудмаар, халаас хоосон харьж явахдаа зулзагаа дагуулсан муурын харцтай тулчихлаа. Толинд өөртөйгөө ширтэлцэх шиг дотно бас алс холын, халуун мэдрэмж. Муур огт хөдөлгөөнгүй намайг ширтэнэ. Гэмгүйг минь мэдсэн юм байлгүй, айсан шинж алга, гайхсан ч шинж алга. Ямар ч цаараглал алга. Тэр ямар ч хувиралгүй, яг л баримал шиг төгс төгөлдөр.

Friday, September 16, 2011

Зүрхэндээ урласан тэр бяцхан диваажиндаа

Зүрхэндээ урласан тэр бяцхан диваажиндаа
Зөвхөн чамтай л цуг цоожлуулахсан.

Sunday, September 4, 2011

Намрын ой шугуй

Учрал амтагдам урууландаа
Тачаал бэлгэдсэн улаахан будагтай

Friday, September 2, 2011

Түүний талаар

Тэр хэсэг нөхдийн хамт үнэтэй кафед сууж байгаа харагдана. Урагшаа бөгтийж төлөв хоолойгоор ямар нэгэн чухал зүйлийн талаар ярьна. Нөхөд нь ч анхааралтай сонсож байлаа. Түүний гар цэгцтэй бөгөөд эрчтэй хөдөлж байн байн ямар нэгэн зүйлийг занган дүрсэлж, тэрхэн орон зайг бүрэн эзэгнэж байв. Нэг хөлөө нөгөө хөл дээрээ нэлээд хайнгадуухан юм шиг боловч чамгүй цэгцтэй ачжээ. Түүний хийж буй үйлдэл бүхэн өөртөө итгэх итгэлийг, бардам занг нь илтгэж байлаа. Тэр байнга л ийм байдаг. Өөртөө итгэлтэй. Уржигдар шөнийн клубт бүжгийн талбайруу харж зогсохдоо, тэрний өмнөх өдөр шинэхэн танилцсан бүсгүйтэй хооллож суухдаа ч энэ чанараа алдаагүй юм. Гэхдээ энэ бүх байдал нь өөрт нь хэзээ ч эвтэйхэн байгаагүй ба тэрийгээ өөрөө ч мэддэггүй. Гэртээ унтахаар ирээд орон дээрээ тэрийн унахдаа л бүх бие нь тавирч дайнаас ирсэн цэрэг шиг л амар амгаланг олдог байлаа.

Thursday, August 25, 2011

Туулын урсгал шөнөдөө сайхаан гэж

Сэрэхүйгээ,
Бас мэдрэхүйгээ чагнаж суувал
Согтохын балайд автахгүй учир
Өвс нойтогнохыг, бие жихүүцэхийг
Орчлонгын зүүрмэглэл гэж бодох,
Гол урсахыг, урсгал таширлан сар бүжихийг
Зүүрмэглэл дундах үнэгчлэл гэж санах.

Сэрэхүйгээ,
Бас мэдрэхүйгээ чагнаж суувал
Үгийн уянд уйлахгүй учир
Асаасан түүдгийн минь оч үсрэхдээ
Тэнгэрт од болон гялалзлаа гэж,
Түүдгээс үсэрсэн од төдхөн буцаж харвахдаа
Цог болон уналаа гэж
Хичээнгүйлэн хийсвэрлэх.

Сэрэхүйгээ,
Бас мэдрэхүйгээ чагнаж суувал
Дууны эгшгинд дэрвэхгүй учир
Энэ бүх хүртэхүйгээ
Нэгэн учгинд зангидаж,
Бурхан бус,
Билиг оюун минь л
Энэ дэлхийг яруусгадгыг
Бясалган баясах.

Monday, June 27, 2011

Нэг тийм инээмсгэлэл

Хэд хоногын өмнө нэг инээмсгэлэл харсан нь сэтгэлээс гардаггүй ээ. Манай гэрээс урагшаа төв замруу явах нарийхан гудманд "халуун хоол хүйтэн пиво" төрлийн хямдхан уушын газар хэд хэд байдаг юм.

Wednesday, June 15, 2011

Бөөгийн домог

Аль нэг тэмтрүүлд нь хүрчихвэл үхэх аюулд хүргэдэг залхаг загас гэж амьтан бий. Аюурзанын бичлэг тэр тэмтрүүлүүдэд маш их ойртож очсоноороо миний сэтгэлийг их хөдөлгөдөг. Хэрвээ хэтрүүлэл, уянга тансаг найруулал, бага атугай ч яруу найргын шинж чанаргүй бол би тийм зохиол уншихгүй ээ. Эсрэгээрээ тэр бүхэн нь хэтэрчихвэл тэмтрүүлэнд хүрэхийн адилаар амьдралаас тасарч цааш нь унших ямарч сонирхолгүй болох байхаа.
Бөөгийн домог хэмээх номыг нь уншина гэж олон сар бодсон ч амжилгүй явсаар сая уншлаа. Үйл явдлын өрнөл багатай ч сэтгэл догдлуулсан сайхан хэсгүүд нэлээд олонтой сайхан зохиол болсон байна.
Бурхан болоод ид шид байдаг гэж итгэхэд хэцүү цаг үед амьдарч байна гэж би боддог. Гэхдээ л бидний сэтгэхүй хэзээ ч хүрч тэмтрэхээргүй тийм үнэн яагаад оршин байх боломжгүй гэж? Өдөр тутмын амьдралдаа дарагдаад дэндүү харалган болчихсон бидний оюун ухаан дэргэд нь дэндүү мөхөстөхөөр тийм гайхамшиг эсвэл аймшиг хаа нэгтээ байх бүрэн боломжтой.
200 хэдхэн хуудастай энэ номонд буриад хүмүүсийн аж ахуй, бөө мөргөлийн тухай, байгал далай, хайр дурлал,  хүний амьдралд тохиолдож болох хачин сонин үйл явдлуудаас амтлаад өнгөрөх боломжтой

Tuesday, May 17, 2011

Хязгааргүйн тухай бодол

Эх дэлхийгээ би
Их алсаас ажлаа.
Дэлхий цэнхэртэж үзэгдсэнгүй
Одод гялтганаж үзэгдсэнгүй.
Тэнд,
Тийм хүйтэн, тийм харанхуй, тийм хязгааргүй.
Хязгааргүйн тэг дунд би амьдарч байна.

Урьд насаа би
Ургуулан бодож үзлээ.
Оргүй хоосон ч үзэгдсэнгүй.
Тэнд,
Тэгэхээр "тэнд" гэж байхгүй байх.
Хязгааргүйн дундаас би урган гарсан байх.

Үхлийн дараа хаачихаа
Үргэлж дандаа төсөөлж явна.
Хөх далайн хүйтэн ёроолруу шидсэн
Лонхтой захидал шиг
Миний гэх бүхэн.
Хязгааргүйрүү би цаг мөч бүр тэмүүлж байна.
Хязгааргүйн тэг дунд би амьдарч байна.

Friday, January 28, 2011

Хичнээн хүсэвч

Хичнээн хүсэвч
Би шүлэгч биш.
Гуниг гутрал, баяр баясал
Аль алийг нь амтлаагүй атлаа
Сохор хүн шиг сэтгэлээ тэмтчин
Чамин үгсээр бодлоо хэлхвэл
Тэр нь яг л
Хуурамч хүмүүс шиг байх болно.